11 а Лого By Мишээл

11 а Лого By Мишээл

Роман Абрамович Рүүнигийн төлөө мөнгө хайрлахгүй

Английн Премьер лигийн “Челси” клубын эзэн, Оросын тэрбумтан Роман Абрамович багийн дасгалжуулагч Карло Анчелоттид онцгой эрх олгожээ. Түүний зөвлөсний дагуу Анчелотти хэрэв хүсвэл Рүүнитэй гэрээ байгуулахын тулд гар татахгүй бөгөөд Рүүниг дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчдийн нэг болгоход татгалзах явдалгүй гэнэ.
Сүүлийн үед гэмтэл бэртэл, хувийн амьдрал, мөн дасгалжуулагч Сэр Алекс Фергусонтой таарамж муутай болсон гээд нэг бус шалтгааны улмаас багаа орхих хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн Рүүниг “Челси”-гээс гадна “МанЮ”-гийн гол өрсөлдөгч “Манчестер Сити” мөн сонирхож байгаа юм. Харин Сэр Алекс шилдэг довтлогчоо өөрийн гол өрсөлдөгчдөд бус харин гадны лиг рүү, тэр тусмаа Испанийн эзэн хааны “Реал Мадрид” клуб руу “илгээх” хүсэлтэй.
Лондонгийн “Цэнхрүүд”-ийн хувьд багийн эзэн Абрамович Анчелоттид хүссэн мөнгийг нь амласан учир Рүүнигийн хойноос тэмцэлдэх нь ойлгомжтой. “Сити”-гээс Рүүнид долоон хоногийн 250 мянган фунт стерлингийн цалин санал болгосон бөгөөд эрхэм Абрамович энэхүү цалингийн цэстэй өрсөлдөхөд бэлэн, түүнчлэн тоглогчийн төлөө багийн удирдлагад 20 саяыг төлөхөд буцахгүй гэж байгаа. Рүүни багаасаа явах нь тодорхой, гэхдээ өвлийн солилцоогоор уу, эсвэл зуныхаар уу гэдэг нь эргэлзээтэй байгаа энэ үед  дасгалжуулагч Анчелотти түүний талаар “Бусад багийн дасгалжуулагчид миний тоглогчдын талаар ярихад миний дургүй хүрдэг. Би ч өөрөө бусад багийн тоглогчдын тухайд ийм тийм гэж ярихыг хүсдэггүй. Би Юнайтед болон Сэр Алексийг Фергусонг хүндэтгэж байна. Энэ тэдний асуудал” гэжээ. Юутай ч Анчелотти байдал хэрхэхийг хэсэг азнахаар шийдсэн бололтой.
Сэр Алексийн тухайд Рүүниг “Сити”-д өгөх бодолгүй, харин гадны лигт худалдах сонирхолтой. “Сити”-тэй харьцуулахад “Реал Мадрид” “МанЮ”-д бага мөнгө амлаж болох ч Карим Бензема, Гонзало Игуаин нарыг солилцоонд оруулах санал тавьж болох юм.
Зуны арилжааны цонх нээгдмэгц аль тоглогчийг багтаа авах сонирхолтой байгаа талаар “Реал Мадрид”-ын дасгалжуулагч Жозе Моуриньогоос асуухад, тэрбээр “Энэ бол байж боломгүй мөрөөдөл. Уейн Рүүни бол хувь хүний араншин болоод хөлбөмбөгийн авьяасын хувьд гайхалтай тоглогч” хэмээн ярьж байсан. Харин өнгөрсөн шөнө болсон Аваргуудын лигийн тоглолтын өмнө “Онцгой нэгэн” ийнхүү ярьжээ. “Миний бодол одоо ч хэвээр. Рүүни багтаа үлдэх байх. Гэхдээ эцсийн дүнд МанЮ түүнийг явуулахад хүрвэл би зүгээр хараад суухгүй. Мэдээж хүн бүр түүнийг сонирхох байх, гэхдээ л боломжгүй зүйл гэж бодож байна” хэмээн Моуриньо өгүүлжээ.
Рүүниг багтаа авахаар эрмэлзэж буй ээлжит эрхэм бол “Тоттенхэм”-ийн менежер Харри Рэднапп. Тэрбээр “Би захиралтайгаа ярилцах болно. Тэгээд Рүүниг Тоттенхэмд авчрах бололцоотой эсэх талаар хэлэлцэнэ. Би хувьдаа маш их эргэлзэж байна” гэжээ.
Ямартай ч Уейн Рүүни буурь сэлгэх нь тодорхой болж байна.